КОКСЖИХ НҮҮРС ГЭЖ ЮУ ВЭ? 

Коксжих нүүрс буюу зарим үед металлургийн нүүрс хэмээн нэрлэгддэг нүүрс нь гангийн үйлдвэрлэлд орлуулшгүй чухал хэрэгцээт коксыг гаргаж авахад хэрэглэгддэг.

Манай дэлхийн нүүрс нь хүрэн нүүрс буюу лигнитээс эхлээд антрацит хүртэл олон төрөлтэй байдаг. Бусад нүүрснээс коксжих нүүрсийг бодитой ялгаруулдаг шинж чанар нь энэ нүүрсний барьцалдах чадвар юм. Энэ чадвар нь ган үйлдвэрлэхэд нүүрсийг тохиромжтой болгоход шаардагддаг өвөрмөц чанар юм.  

Коксжих зуухан дотор багасгасан агаарын даралттай орчинд коксжих нүүрсийг халааж коксыг гаргаж авдаг. Нүүрсний температур нэмэгдэх үед нүүрс уярч зөөлрөн нэгдээд, дараа нь дахин хатуурч, коксын жижиг хэсгүүдийг үүсгэдэг. Энэ явцыг “барьцалдах процесс” хэмээн нэрлэж байна.  

Нүүрсний зэрэглэл, бүтэц найрлага, эрдсийн агууламж болон халаах үед зөөлрөх, уян болох чанар, түүнчлэн нэгдмэл масс болж дахин хатуурах чанар нь коксын чанарт үлэмж нөлөөлдөг. Өндөр, дунд битумт ангиллын нүүрс болон эдгээр шинж чанарыг агуулсан, доогуур дэгдэмхий ангиллын нүүрсийг “коксжих нүүрс” хэмээн нэрлэж байна.  

Өндөр чанартай коксжих нүүрс нь ган үйлдвэрлэгч нарт үлэмж эрэлт хэрэгцээтэй байдаг бөгөөд ган үйлдвэрлэгч нар хайлуулах зуухны ажлын бүтээмжийг хамгийн өндөр түвшинд хүргэхийн тулд өндөр чанартай кокс гаргах зорилгоор  сайн чанарын коксжих нүүрсийг шаарддаг.

Хятадын зах зээл

Цар хэмжээ, газар зүйн хувьд ойр байршилтай учир Хятадын коксжих нүүрсний зах зээл нь Овоотын коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч байх магадлалтай юм.

Хятадын дотоодын нүүрсний нөөцэд өндөр чанарын коксжих нүүрсний агуулга доогуур байгаа, мөн коксын үйлдвэрлэлд илүү өндөр чанартай коксжих нүүрсийг шаардах болсон зэргээс хамааран Тослог зэрэг (Овоотын нүүрс) өндөр чанартай коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ Хятадад өндөр байгаа юм. Хятад улс бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд үлэмж том шатаах зуухнууд ашиглах, сайжирсан технологи ашиглах, хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх асуудлуудаа тэнцвэржүүлэх хандлагатай байгаа учир өндөр чанарын коксжих нүүрсний эрэлт нь доогуур чанарын нүүрсний эрэлтээс илүү түргэн нэмэгдэж байна. Тухайлбал, Японы шатаах зуухны дундаж хэмжээ 3,814 м3 байхад Хятадын шатаах зуухны дундаж хэмжээ 1,000 м3 байгаа юм. Шатаах зуух том байх тусам илүү өндөр чанарын кокс шаардагдах бөгөөд хүчтэй-барьцалдах нүүрсний холих хэмжээг дээшлүүлэхэд хүргэдэг.